IELTS

Өдөр бүр бүтэн тест ажиллах нь яагаад IELTS-ийн оноог ахиулдаггүй вэ?

IELTS-ийн тест ар араас нь ажиллаад ч оноо тань 5.0-5.5 дээр гацаад байна уу? Шалгалтын оноог бодитоор өсгөх алдаа задлах энгийн аргыг суралцаарай.

Ажлаа эсвэл хичээлээ тараад гэртээ ирлээ. Cambridge-ийн цэнхэр номоо нээгээд 1 цаг цаг харж байгаад IELTS Reading-ийн бүтэн тест ажиллав. 40 асуултаас 22 зөв.

Буруу хийсэн хариултуудаа улаан балаар тэмдэглээд, зөв хариуг нь харж толгой дохиод л номоо хаалаа. Маргааш нь яг энэ үйлдлээ давтана. Хэрэв таны бэлтгэл ийм байдлаар үргэлжилж байгаа бол таны оноо 5.0-5.5 дээрээ байгааг гайхах зүйл алга.

Энэ нийтлэл нь анх удаа IELTS өгөх гэж буй болон B1 түвшинд оноо нь ахихгүй гацсан уншигч нартаа зориулав.

Тест ажиллах нь англи хэл сурч буй хэрэг биш

Тест бөглөх нь таны одоо байгаа түвшнийг л хэмжиж байгаа хэрэг. Хэмжүүр дээр өдөр бүр зогсоод жин хасагддаггүйтэй адил, өдөр бүр тест ажилласнаар таны хэлний мэдлэг сайжрахгүй.

IELTS-ийн шалгагч нар таныг даалгаврын төрлийг цээжилсэн эсэхийг биш, өгүүлбэрийн утгыг хувиргаж (paraphrase) ойлгож чадаж байгаа эсэхийг үнэлдэг.

Жишээ нь шалгалтын асуулт дээр ингэж бичсэн байж болно:

Question: "The local factory was established in the 19th century."
(Орон нутгийн үйлдвэр 19-р зуунд байгуулагдсан.)

Харин эх бичвэр дээр яг тэр үгсээрээ огт гарахгүй:

Reading text: "The town's manufacturing plant was set up in 1845."
(Хотын үйлдвэр 1845 онд байгуулагдсан.)

Энд шалгагч таныг дараах хувиргалтыг харж чадаж байгаа эсэхийг шалгаж байна:

  • factory = manufacturing plant
  • established = set up
  • 19th century = 1845

Хэрэв та үүнийг харахгүйгээр зүгээр л текстээс "factory" гэдэг үгийг хайгаад байвал хариултыг нь олж чадахгүй цагаа барна.

Оноог өсгөдөг цорын ганц зүйл: Алдааны задлан шинжилгээ

Шалгалтын бэлтгэлийн 80 хувь нь тестийн дараах ажилд зориулагдах ёстой. Нэг текстийг хагас дутуу хийгээд хаяснаас, ганцхан параграфыг бүрэн задалж унших нь 10 дахин илүү үр дүнтэй.

Танд хэрэг болохуйц дүрэм санал болгоё:

  • Яагаад буруу хариулснаа ойлгож аваарй: Үгээ мэдээгүй юу, өгүүлбэрийн бүтцээ ойлгоогүй юу, эсвэл хэт яарсан уу?
  • Хувиргасан үгсийг тэмдэглэх: Асуултад орсон үг эх бичвэрт хэрхэн өөрчлөгдөн орсныг дэвтэртээ зэрэгцүүлж бич.
  • Мэдэхгүй үгийн жагсаалттай болох: Тухайн асуултад чухал нөлөө үзүүлсэн 3-5 шинэ үгийг өгүүлбэртэй нь хамт тогтоогоорой.

15 минутын дасгал

Маргааш шинэ бүтэн тест ажиллах гэж бүү яар.

  1. Өмнө нь хийгээд алдсан Reading эсвэл Listening-ийнхээ ердөө 3 асуултыг сонго.
  2. Зөв хариулт нь яагаад зөв болсныг эх зохиолоос нь хайж олоод дэвтэртээ тэмдэглээрэй.
  3. Текст болон асуултад ямар үгсийг ижил утгат үг болгон сольсныг олж бичээрэй.

Ингэж алдаагаа нягталж сурвал таны оноо 5.0-аас 6.5 руу төвөггүй ахина. Rinco платформын унших дасгалууд нь англи хэлний өгүүлбэрийн бүтцийг алхам алхмаар задлан тайлбарлаж, шалгалтын энэ ур чадварыг эзэмшихэд тань тусалдаг жүү.

Өөрийн сурах хэв маягаа мэдэх үү?

28 асуултын судалгаа таны хэв маягийг тогтоож, 21 хоногийн хувийн хөтөлбөрийг боловсруулж өгнө.

≈10 мин · Үнэгүй · Сурах арга барилаа мэдэж аваарай