Номын дэлгүүрээс гоё хавтастай, бестселлер болсон зузаан англи роман аваад эхний арван хуудсыг нь толь бичигтэй тулгаж уншсаар байгаад орхичихсон тохиолдол танд бий юү?
Автобусанд юм уу ажлынхаа завсарлагаар унших гэхээр өгүүлбэр бүр дээр гацаж, эцэст нь шантарчихдаг. Таны англи хэл муудаа биш, харин түвшиндээ тохироогүй ном сонгосноос болдог нийтлэг алдаа юм.
5 хурууны дүрэм буюу түвшнээ таних
Ном худалдаж авахаасаа өмнө дурын нэг нүүрийг нь нээгээд уншаад үзээрэй.
- Хэрэв нэг нүүрэнд 1–2 мэдэхгүй үг байвал: хэт амархан.
- 3–5 мэдэхгүй үг байвал: яг таны түвшинд таарсан гэж үзнэ (B1-B2).
- 6-аас дээш үг мэдэхгүй байвал: түр хойшлуулах хэрэгтэй.
Бид ном уншихдаа үгсийн 90-95 хувийг төвөггүй ойлгож байж л өгүүлбэрийн ерөнхий утгыг хөөж, унших явцаасаа таашаал авч чадах билээ.
B1 ба B2 түвшинд юу унших вэ?
Анхнаасаа зузаан сонгодог зохиол барьж авах шаардлагагүй. Алхам алхмаар ахих нь хамгийн үр дүнтэй арга юм.
B1 түвшин (Дунд шат):
Хялбаршуулсан зохиол буюу Graded Readers (Oxford Bookworms Stage 4-5) уншиж эхэлбэл их зүгээр. Мөн Роалд Далийн Matilda, эсвэл Антуан де Сэнт-Экзюперийн The Little Prince зэрэг хүүхдийн уран зохиолын хэллэг нь маш ойлгомжтой, уншихад урамтай байдаг.
B2 түвшин (Ахисан дунд шат):
Одоо жинхэнэ зохиол руу шилжих гээд үзээрэй. Мич Элбомын Tuesdays with Morrie, Лойс Лоурийн The Giver, эсвэл Жэймс Клирийн Atomic Habits зэрэг номууд өгүүлбэрийн бүтэц энгийн, өдөр тутмын үг хэллэг ихтэй тул гацахгүй уншихад тохиромжтой.
Үг бүрийг тольдох хэрэггүй ээ 😅
Уншиж байхдаа мэдэхгүй үг гарч ирвэл уншихаа шууд зогсоолгүй өгүүлбэрийн ерөнхий хам сэдвээс утгыг нь таахыг хичээгээрэй.
Жишээлбэл:
"He hesitated for a second before stepping into the bustling street of Peace Avenue."
Энд bustling гэдэг үгийг мэдэхгүй байсан ч Peace Avenue буюу Энхтайваны өргөн чөлөө их хүнтэй, хөл хөдөлгөөнтэй байдаг тухай өгүүлбэрийн ерөнхий утгаар нь ойлгож болно. Харин зохиолын гол үйл явдалд үнэхээр чухал, ойлгоход саад болж буй 1-2 үгийг л доогуур нь харандаагаар зөөлөн зураад, тухайн бүлгээ уншиж дуусгаад толь бичгээс үгээ хараарай.
Гэрийн даалгавар
- Дээр дурдсан номуудаас нэгийг нь сонгох, эсвэл B1-B2 түвшний богино нийтлэл олоорой. Гол нь таны сонирхлыг татсан байх ёстой шүү.
- 10 минутын сэрүүлэг тавиад 2-3 нүүрийг ямар ч толь бичиг харахгүйгээр дуустал нь уншаарай.
- Уншиж дууссаны дараа доогуур нь зурсан үгсээс хамгийн их давтагдсан 3 үгийг л тольдоод өөрийн үгсийн дэвтэрт тэмдэглэх эсвэл notes дээрээ хадгалаад аваарай.
Ном унших нь шалгалт биш, сурч буй хэлдээ орон зай гаргах хамгийн зугаатай бхс өгөөжтэй арга юм. Хэрэв та өөрийн түвшинд тохирсон өдөр тутмын богино дасгалуудаар үгийн сангаа алхам алхмаар тэлэхийг хүсвэл 21 өдрийн хувийн хөтөлбөртэй болоорой.